• Mongolian
  • English (UK)

НИЙСЛЭЛД СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД ОНОШЛОГДСОН МАЛ, АМЬТНЫ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ БАЙДАЛ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

     Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын1/2 нь оршин амьдардаг, нийгэм эдийн засгийн гол бүс, олон улсын худалдаа, аялал жуулчлалын төв учраас мал, амьтны халдварт өвчнөөс сэргийлэх аливаа арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх нь хүний эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангах, эдийн засгийн хохирлыг хязгаарлах, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах чухал ач холбогдолтой юм.

     Хөдөөгөөс хот руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор малын хөдөлгөөн, тоо толгой өсөн нэмэгдэж суурин буюу фермерийн аж ахуйг хөгжүүлж эхлэх боллоо.

     Нийслэл хотын хэмжээнд 2012 оны статистикийн судалгаанаас үзэхэд нийт 308460 толгой мал тоологдсноос тэмээ 177, Адуу 25803, үхэр 60598, хонь 124732, ямаа 97150 толгой тус тус байна.

     Диаграмаас харахад нийт малын 20-35 хувь нь Сонгинохайрхан, Багануур дүүрэгт , 12-13 хувь нь Налайх, Баянзүрх, Хан-уул дүүрэгт, 5 хувь Багахангай дүүрэгт, 1 хувь нь Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт тус тус байршиж байна.

Гахайны 52% Сонгино хайрхан дүүрэгт, 39% Хан-уул, 7% Баянзүрх, 2% Налайхад, шувууны 87%, Хан-уул, 3% Багануур, 10% Сонгинохайрхан дүүрэгт  тус тус байршдаг юм.

     Халдварт өвчний гаралт сүүлийн 10 жилд нийт 19 тохиолдол бүртгэгдсэн. Дээрх бүртгэл, судалгаанаас үзэхэд дахин сэргэж байгаа хил дамжин халдварладаг шүлхий 2001, 2006 он, хонины цэцэг 2007 он, гахайн мялзан 2007 он, шувууны ньюкастль 2010 онд тус тус оношлогдож байсан бол боом 2004, 2007, 2008, 2011, 2012 он, цусан халдварт /үхэр/ 2004, 2005, 2008, 2012 он, цусан халдварт /гахай/ 2007, 2012 он, галзуу мал, амьтанд 2008-2011 онуудад, бруцеллёз жил бүр оношлогддог.
     Шинээр 2008, 2009 онд үхрийн папилломатоз, 2010 онд гахайн актинобациллёз, 2011 онд адууны халдварт цус багасах өвчин, гахайн үржил, амьсгалын замын хам шинж, хонины уушигны аденоматоз зэрэг өвчнүүд тус тус оношлогдож байгаа нь мал, амьтны халдварт өвчний гаралт, тархалт нэмэгдэж байгааг харуулж байгаа юм.
     Сүүлийн 10 жилийн хугацаанд бүртгэгдсэн халдварт өвчнүүдийн тохиолдлыг графикаар үзүүлбэл боом 9%, галзуу 7%, малын цусан халдварт 22% , гахайн цусан халдварт 2%, гахайн мялзан 4%, бруцеллёз 8%, адууны томуу 86%-г эзэлж байна.

     Энэ нь дэлхий нийтийн дулаарал, цаг агаарын өөрчлөлт, хөрш ОХУ, БНХАУ–д хил дамжин халдварладаг халдварт өвчний гаралт буурахгүй байгаа болон аялал жуулчлал, гадаад, дотоод худалдаа өргөжиж малын шилжилт хөдөлгөөн ихэссэн, импортоор орж ирж байгаа мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой гэж үзэхэд хүрч байгаа юм.

     Урьдчилан сэргийлэх арга хэмжээ вакцинжуулалт: Нийслэлийн Засаг даргын “Мал эмнэлгийн үйлчилгээ явуулах тухай” захирамжаар жил бүр мал, амьтны гоц халдварт, халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх, лабораторийн оношлогоо, шинжилгээ, ариутгал халдваргүйтгэл хийх ажлуудыг зохион байгуулж ажилладаг. Ихэвчлэн тохиолддог халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд нийт малын 49% боом, 8% галзуу, 23% цусан халдварт, 20% бруцеллёз, 3% гахайн мялзан, 1% адууны томуугаас сэргийлэх вакцинжуулалтанд хамрагддаг.

Боом өвчний тохиолдлууд ойр ойрхон бүртгэдсэнээс вакцинжуулалтанд хамруулах малын тоо өссөн.

Боомын вакцинжуулалт:
     Графикаас харахад сүүлийн арван жилийн дундажаар нийслэлийн нутаг дэвсгэрт боом өвчинд мэдрэмтгий нийт 74585,8 толгой бодоос 45856,84 толгой буюу 61%, нийт 225994 толгой богийн 103099,12 толгой буюу 46% нь тус тус вакцинжуулалтанд хамрагдсан.

Галзуу өвчний тохиолдол мал, гэрийн тэжээвэр нохойд цөөн тохиолдол илэрсэн боловч үнэг, чоно, золбин нохой гэх мэтэд оношлогдож байгаа нь нилээд эрсдлийг дагуулдаг учраас мал, амьтныг вакцинжуулалтанд хамруулдаг.

Дээрхи графикт үзүүлснээр нийслэлийн хэмжээнд сүүлийн 10 жилийн дундажаар галзуу өвчинд мэдрэмтгий нийт  74585,8 толгой богоос 14130,2 толгой буюу 19%, 11917 толгой амьтан тус тус вакцинжуулалтанд хамрагдсан байна.

Цусан халдварт:
Графикаас харахад сүүлийн арван жилийн дундажаар нийслэлийн нутаг дэвсгэрт цусан халдварт өвчинд мэдрэмтгий нийт 74585,8 толгой бодоос 19253,3,84 толгой буюу 26%, 225994 толгой богийн 44354,7 толгой буюу 20% 9114,8 толгой гахайн 12039 толгой буюу 132% нь тус тус вакцинжуулалтанд хамрагдсан.

 

Графикаас харахад сүүлийн арван жилийн дундажаар нийслэлийн нутаг дэвсгэрт адууны томуугаас сэргийлэх вакцинжуулалтанд нийт 20018,1 толгой адуунаас 5048,4 толгой буюу 25%-г тус тус хамруулсан.

Графикаас харахад сүүлийн арван жилийн дундажаар нийслэлийн нутаг дэвсгэрт бруцеллёзоос сэргийлэх вакцинжуулалтанд нийт 74585,8 толгой бодооос 15792 толгой буюу 21%, 225994 толгой бог малын 50700,4 толгой буюу 22% тус тус вакцинжуулалтанд хамруулсан.


 Малын халдварт өвчинтэй тэмцэх стратеги боловсруулан салбарын сургалт судалгаа, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлагатай тул дараах дүгнэлтэнд хүрч байна.

1. Сүүлийн 10 жилийн байдлаар нийслэл хотын малын тоо байнга өсөж байгаа, халдварын зарим нэг голомтууд нэмэгдэж байгаатай холбогдуулан малын халдварт өвчинтэй тэмцэх стратегийг боловсронгуй болгон сайжруулах;

2. Нийслэл хотын хэмжээнд халдварт өвчнөөс учирч болох эдийн засгийн эрсдэлийг тооцох, халдварт өвчнийг нийгмийн эрүүл мэнд болон эдийн засагт учруулах хохирлоор нь эрэмбэлж арга хэмжээг төлөвлөх;

3. Нийслэлийн хэмжээнд халдварт өвчний эпидемиологийн судалгааг үндэслэн урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг малын тоо, гаралт, гарч болох эрсдэлд уялдуулан тооцох, тандалтын сүлжээг бий болгож эрт илрүүлэх, эрт оношлох зарчмыг хэрэгжүүлэх;

4. Малын эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, чадавхийг дээшлүүлж, тохиолдлын үед хариу арга хэмжээ авах бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах;

5. Мал, амьтнаас хүнд халдварладаг өвчний олон нийтийн ойлголт, мэдлэгийг сайжруулах, нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад мэдээлэл сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх;

6.Адуун сүрэг ихтэй манай орон адууны томуугийн Ахүрээний H3N8 хэв шинжийн вирусын дэгдэлт гарах эрсдэл өндөр учираас эрсдэлийг бүсчилэн хуваагаад эрсдэл өндөр байгаа бүсэд идэвхтэй тандан судалгаа явуулж вакцинжуулалтанд хамруулах, эрсдэл бага бүсэд идэвхгүй тандалт явуулж байх шаардлагатай байна.

7.Бүсчлээд вакцинжуулалтад хамруулснаар, тохиолдож болзошгүй адууны томуугийн вирусийн шинэ дэгдэлтээс урьдчилан сэргийлнэ.

8.Tандан судалгааг өндөр хөгжилтэй онуудын судлаачид, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран вирусын эволюци, эпидемиологийн судалгааг гаргаж, омгийн судалгааг нарийвчлан хийж одоо үйлдвэрлэж байгаа вакцины технологийг эсийн өсгөвөрт болон рентген туяаны идэвхгүйжүүлсэн вакцины технологиор орлуулан сайжруулах боломжийг судлах нь мал эмнэлгийн салбарын эрдэмтдийн нэн тэргүүний зорилт гэж үзэж байна.

9. Дэлхий нийтийн “НЭГ ЭРҮҮЛ МЭНД, НЭГ ДЭЛХИЙ” уриан дор хүн, мал эмнэлгийн салбаруудын хамтарсан идэвхтэй үйл ажиллагаагаар боом өвчинтэй тэмцэх, түүнийг хянан сэргийлэх стратегийг боловсруулан гаргахын тулд боом өвчний голомтын судалгааг мал эмнэлгийн байгууллагууд хамтран хийх чухал гэж үзэж байна.
Цаашид манай хамт олон өмнөх арвин туршлага дээрээ тулгуурлан ХААИС- ийн Шинжлэх Ухааны ололтыг Үйлдвэрлэлд нэвтрүүлэх төвтэй хамтран малын эмч нарт маргэжлийн зарим чиглэлээр сургалт явуулах боллоо. Үүний зэрэгцээ Мал эмнэлэг, биотехнологийн сургуулийн бакалаврын хөтөлбөрийн сургалтад манай мэргэжилтнүүд оролцож хичээл зааж, сургалтын ба үйлдвэрлэлийн дадлагыг удирдаж байна.

Ер нь Нийслэлийн мал эмнэлгийн газар ХААИС хоёр харилцан ашигтай хамтын ажиллагаа эрхэмлэх явдал чухал болж байна.

Манай байгууллага өөрийн лабораторийг түшиглэн хүнсний аюулгүй байдал, ийлдэс, нян судлалын чиглэлийн лабораторийн хичээлүүдийг явуулах бүрэн боломжтой боллоо. Манай мэргэжилтгүүд Малын их эмч мэргэжлийн “Хүнсний микробиологи” хичээлээр лабораторийн хичээлүүдийг нь удирдан явуулж байна.

Түүнчлэн жижиг амьтны клиник, дүүргийн мал эмнэлгүүд, хүнсний захуудыг түшиглэн малын их эмч мэргэжлийн хөтөлбөрийн хүрээнд сургалтын ба үйлдвэрлэлийн дадлагуудыг манай мэргэжилтнүүд дангаар болон багш нартай нь хамтран удирдаж өөрсдийн залуу халааг бэлтгэх үйлсэд хувь нэмрээ оруулж явааг дурдахад таатай байна. Цаашид бид сургалтын тусгай кабинетийг бий болгохоор зарим ажлыг эхлээд байна.