• Mongolian
  • English (UK)

Гэрийн тэжээвэр амьтан үзүүлэх үйлчилгээ

1995 онд “Төлбөрт үйлчилгээний кабинет” нэртэйгээр гэрийн тэжээвэр амьтан эмчлэх зорилгоор нохой, жижиг амьтны эмнэлэг байгуулагдсан. Тухайн үед байр орон сууцанд төрөл бүрийн үүлдрийн нохой, муур тэжээдэг хүмүүс цөөхөн сонирхогчийн хэмжээнд байсан бөгөөд өвчлөл харьцангуй бага байсан.

     Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин тарих, цагаан хорхойн туулгалт хийх, нохойны чих, сүүл тайрах, буглаа нээх, шинж тэмдэгийн эмчилгээ хийх, орон сууц, болон гэр хорооллын айлуудаар явжн нохойд цагаан хорхойн туулгалт өгөх, гэрээтэй аж ахуйнуудын малд вакцин тарих зэргээр үйл ажиллагаа явагдаж байлаа.

     Хүний үнэнч туслах дотны анд болсон нохой, муур, гэрийн тэжээвэр амьтан тэжээх айл өрх, хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь эмч мэргэжилтэн бидний мэдлэг боловсорлоо дээшлүүлэх сурч мэдэх, сүүлийн үеийн эмчилгээний арга барил, багаж тоног төхөөрөмж эзэмших, дадлага туршлага хуримтлуулах, шинээр эмчилгээний тактик арга барилд суралцах зайлшгүй шаардлага гарч ирсэн.
Одоо манай мал эмнэлэгт гэрийн тэжээвэр амьтнаас гадна хулгана, усан гахай, туулай, яст мэлхий, аалз, тоть гэх мэтийн олон төрлийн амьтанд мал эмнэлгийн тусламж, эмчилгээ, оношлогоо, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг үзүүлдэг болсон ба жилд дунджаар 2500-3000 нохой болон гэрийн тэжээвэр амьтанд төрөл бүрийн өвчний оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх тарилга туулгалт явуулж байна.

    Эдгээр амьтдын өвчлөлийн 70-80 хувь нь төрөл бүрийн хордлого, бодисын солилцооны эмгэг, гэмтэл бэртэлт, арьсны өвчин, харшил зэрэг халдваргүй өвчин эзэлдэг.Мөн нохойн гударга, парвовирусын халдвар, короновирус, сальмонеллёзын халдвар бас тохиолдож байна.

Нохойн халдварт өвчин болох гударга өвчин нь Улаанбаатар хотод халдварлалт маш ихтэй үхэл өндөртэй өвчнүүдийн тоонд ордог байлаа эдгээр халдварт өвчний эсрэг хам вакцин, ийлдэс тарилгыг тарьсаны үр дүнд өвчлөлийг эрс бууруулж чадсан.

    Сүүлийн жилүүдэд хотжилт хурдан явагдахын зэрэгцээ мал амьтанд эх барих, мэс заслын өвчлөл нэмэгдэж байна. Энэ нь тухайн амьтан хөдөлгөөний дутагдалд орох, тэжээллэг арчилгаа, маллагааны горим өөрчлөгдөх, макро микро элементийн дутагдалд орох зэргээс шалтгаалан төрөхийн хүндрэл, дэлэн хөх үрэвсэх, хөл болон тулгуур эрхтэн амархан хугарч гэмтэх, тахийж мурийх, шүдний буруу ургалт зэрэг эмгэг байдлаар ихээхэн тохиолдож байна.

    Гөлөг, муурын зулзаганд ихээр тохиолдох болсон кальци, фосфорын дутагдалыг Рентген аппаратаар оношлон эмчилгээний арга боловсруулан практикт өргөн хэрэглэж ирлээ. Мөн УВЧ аппаратаар шарлага хийж, эмийн эмчилгээтэй хослуулан хэрэглэснээр тодорхой үр дүн өгч байна. Орчин үеийн эмийн эмчилгээг зүү төөнүүр уламжлалт эмийн ургамлын эмчилгээтэй хослуулан хэрэглэх замаар эмчилгээний шинэ арга зүйг эмчилгээндээ нэвтрүүллээ.

Дээрх гөлөг, муурын зулзаганд ихээр тохиолдож байгаа кальци, фосфорын дутагдалд орох өвчлөл нь нийт халдваргүй өвчний 40-50 хувийг эзэлдэг.

     Кесерова хагалгааг жилд дунджаар 5-6 бод малд, 10-15 нохой, мууранд мэдээгүйжүүлэгч эмийн тусламжтайгаар хийж гүйцэтгэж байна. Мөн дэлэнгийн үрэвсэлт өвчнүүд бэртэл гэмтэл, яс хугаралтыг уламжлалт мал эмнэлгийн арга болох зүүгээр эмийн эмчилгээтэй хослуулан хэрэглэж үр дүнд хүрсэн.

Сүүлийн үед нийслэлийн орчимд ихээхэн тохиолдох болсон тэжээлийн хордлого шингэн ихээр алдах эмгэг өвчнүүдийг хордлого тайлах стандарт эмчилгээний аргыг ашиглан эмчилж, эдгэрүүлэлтийг 85-90 хувьтай болголоо.

     Цаашид тэжээвэр мал, амьтанд үзүүлэх мал эмнэлгийн тусламжаа улам өргөжүүлж үйлчлэх хүрээг нэмэгдүүлэн эмчлэх, оношлох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ нэмэгдүүлэн орчин үеийн Эхо аппарат, унтуулагын иж бүрэн аппарат, шүдний эмчилгээний тоног төхөөрөмж мөн яс хадах төхөөрөмж биохимийн анализатор зэрэг сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй болж, улмаар бүтэц орон тоог нэмэгдүүлэн, эмч нар багаар ажиллан гэрийн тэжээвэр амьтныг хэвтүүлж эмчлэх амбулатори, стационартай болж европын хөгжингүй орнуудын эмч мэргэжилтэнтэй мөр зэрэгцэн ажиллах ирээдүй ойрхон байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

ХУРДАН МОРИНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

     Монголчууд эрт цагаас эхлэн эрийн гурван наадмыг эрхэмлэн наадсаар ирэхдээ уг наадмаа ямагт хурдан морьдын уралдаанаар эхэлдэг заншилтай, морийг сонгож сойж уралдуулан түүгээрээ ард олноо баярлуулан хийморь, эрч хүч хайрладаг, дэлхийд гайхалтай зуу, зуун жилийн баялаг уламжлалтай, морин эрдэнийг нэн эрхэмлэж ирсэн ард түмэн юм.

   Шандаст хурдан хүлгийг олж таних, сойж хагсраах, уяж уралдуулах арга ухааныг үе уламжлан эзэмшиж, түүх шашдирт бичиглэн хойч үедээ үлдээсээр ирсэн нь хүн төрөлхтөний оюуны санд орох үнэт өв соёл бөгөөд өөр газар оронд бүрэлдэн бий болоогүй хаана ч үл давтагдах арга ухаан, уламжлал билээ. Наадам хийж морь уралдах явдал зөвхөн зуны цагт болж байсан төдийгүй бусад улирлуудад  нэгэн адил явагдаж байжээ. XYI зууны үед бичсэн морины шинжийн нэгэн сударт “Хаврын цагт дэл дүүрэн, зуны цагт салмайтай, намрын цагт чөмөгтэй, өвлийн цагт өөхөөр уралдвал сайн” гэж бичсэн байдаг. (”Тод магнай” сэтгүүл 2012 оны 12 сар дугаар № 11)

   Хувьсгалын эхний жилүүдэд зөвхөн их морь, дунд морь, бага морь гэж 3 насны морь уралддаг байснаа 1960-аад оноос эхлэн 6 насны морь, жороо морь, 1990 оны үеэс эхлэн зах зээлийн нийгэмд шилжсэнээр хурдан морь сонирхогч, уяачид хөрш зэргэлдээ ОХУ, БНХАУ болон Англи, Араб, АНУ-аас өндөр хурдны цэвэр үүлдрийн адууг импортоор оруулж ирж адууныхаа үүлдэр угсааг сайжруулан эрлийз буюу шинэ монгол морины уралдаан зохион байгуулдаг болоод байна.

Дээрхи хурдан морины уралдааны комисст Нийслэлийн мал эмнэлгийн байгууллагууд 1977 оноос эхлэн орж ажилласан бөгөөд энэ үед Улсын баяр наадмын морины уралдааныг Хан-уул дүүргийн нутаг Яармагийн дэнжид зохион байгуулж байсан бөгөөд 2003 оноос Сонгинохайрхан дүүргийн нутаг Хүй долоон худагт хийдэг болсон. Улс хувьсгалын баяр наадмаар жилд дунджаар 1.5-2.5 мянган морьд уралддаж байна.

   Ийнхүү хурдан морь уяач, сонирхогчдын тоо жил ирэх бүр нэмэгдсэнээр уралдах морьдын тоо өсч, сүүлийн жилүүдэд адууны янз бүрийн өвчин эмгэгүүд тохиолдох болсон.

Гэрийн тэжээвэр амьтан үзүүлэх үйлчилгээ сүүлийн арваад жил баяр наадмын хурдан морины уралдааны багийн бүрэлдэхүүнд 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр 5-6 багт эмч нарын хүчийг жигд хуваарилан уралдааны замын гараа, дунд бариа (давталттайгаар), бариа гэж өртөөлөн ажиллаж мал эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлсээр ирлээ.

Энэ хугацаанд сэрвээний салст хэтэвчийн үрэвсэл, гүрээний судасны үрэвсэл, сэрвээний гэмтлийн хаван, ивэрхий, түгжрэл, ташаа ууцны ясны хоорондын үе сунах, шууны яс хугарах, шилбэний яс хугарах, мөрний үе сунах, сагагны үе сунах, сагагны үе мултрах, туурай цуурч хагарах, бронхит, ларингит, уушиг, гуурсан хоолойн үрэвсэл, уушигны тэлэгдэлт, миокардоз, энтералги, гэдэс орооцолдох, нефрит зэрэг өвчнүүд элбэг тохиолдож байна.

Уяа сойлгын үед илэрч байгаа дээрхи өвчнүүд ихэвчлэн азарга, их нас, соёолон насны моринд оношлогдож байгаа нь дараахи хүчин зүйлүүдтэй холбоотой байж болох юм. Үүнд: Хүйтэн сэрүүний улиралд уралдуулах/өвөл, хавар/, буруу эдлэх, уяа сойлго таараагүй, тэжээллэг, арчилгаа маллагааны буруу, эмээл, тоног хэрэгсэл тохироогүй, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй, стресс зэрэг хүчин зүйлүүдийг дурьдаж болно.

Улсын баяр наадмын үеэр уяачид хөдөө орон нутаг, олон аймаг сумдаас морио уралдуулахаар /10-15000 орчим адуу/ Хүй долоон худагт ирж суурьшдаг бөгөөд бэлчээр, ус нийлэн төрөл бүрийн халдварт, халдваргүй, паразиттах өвчний халдварыг тараах нөхцөлийг бүрдүүлдэг.

Тодруулбал: 2012, 2013 оны баяр наадмын үеэр олон адуу ханиах шинж тэмдэг үзүүлж Улсын мал эмнэлэг ариун цэврийн лабораторийн шинжилгээгээр H3N8 дэд хэвшлийн адууны ханиад өвчин оношлогдон Нийслэлийн малын эмч нар урьдчилан сэргийлэх, эмчлэх, эрүүлжүүлэх ажлыг хийснээр тодорхой үр дүнд хүрч байна.

Адууны томуугийн тархалтыг зогсоох, эмчлэхээр Улсын мал эмнэлэг, үржлийн газрын даргын 2013 оны А/56 тоот тушаал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2013 оны 01/1612 тоот албан шаардлагын дагуу малын эмч нарын баг гаргаж уралдуулахаар бүртгүүлсэн бүх адуунд эмнэлзүйн үзлэг хийж, өвчний сэжигтэй, ил шинж тэмдэгтэй адууг уралдаанд оролцуулахгүй байх арга хэмжээг авч ажиллан томуугийн вирусын омгийн хэвшлийг тогтоохоор эрдэм шинжилгээ, судалгааны ажил явагдаж байна.

Хурдан морь уяач, сонирхогчдын хариуцлаггүй үйлдлээс шалтгаалан адууны халдварт цус багасах өвчин, томуу, нийлүүлгийн өвчин, ринопневмони, ям, сахуу гэх мэт халдварт өвчнүүдийг тараах эх уурхай болж байгаа юм.

Бас нэг анхаарал татсан өвчин бол адууны нийлүүлгийн өвчин /Trypano-somaz/ бөгөөд хээлтэгч, хээлтүүлэгчийг сонгохдоо мал эмнэлгийн мэргэжлийн байгууллагад хандан шинжилгээ хийлгэж адуугаа нийлүүлэгт оруулж байхыг зөвлөж байна.

“Тэмээн Поло”-д малын эмч нар ажиллав.

Малчин удамт монгол хvн, тэр тусмаа говийнхонд тэмээ гэдэг тэнгэрийн амьтан даанч ойрхон. Иргэд олон нийтэд таван хошуу малынх нь хамгийн бадриун хэрнээ тунчиг уяхан зөөлхөн тэмээний “авьяас” чадлыг үзэх, сонирхох боломж Яармагийн морин тойруулгын төвд 2007 оны 3 дугаар сарын 20-ны өдөр болсон юм.

“Тэмээн поло-Өвлийн фестиваль-2007 наадамд Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Дундговь, Дорноговь болон ӨМӨЗО-ны 13 багийн тамирчид оролцож өрсөлдсөнөөс Өмнөговь аймгийн Манлай сумын “Өгөөмөр”, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын “Дэлгэрхангай”, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын “Батгадулаан” багууд эхний гурван байр эзлэв. Мөн хурдан тэмээний уралдаанд Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын хурдан тэмээ түрүүлсэн.

Энэ фестивальд Нийслэлийн мал эмнэлгийн газрын малын эмч нар тэмээн поло, уралдаанд оролцож буй тэмээний эрүүл мэндэд анхаарч зохион байгуулагч нартай хамтран ажилласан. Тэмээг холоос автомашинаар тээвэрлэн ирсэн нь стресст орох, өвдөг, шаант нь холгогдох, зүлгэгдэх зэрэг бэрхшээлүүд гарч байсан. Тэмээн пологийн талбайд цас хайлж шавар шавхайтай болсноос тоглолтын үед тэмээ хальтарч унах, тэнцвэр алдах зэрэг явдлууд тохиолдож байсан.

Цаашид тэмээний уралдаан тэмцээнийг цаг агаарын нөхцөл байдал, тоглох, уралдах зам, талбайг сайн засах, эрүүл мэндэд нь чухалчлан анхаарах нь зүйтэй.

МИНЖНИЙ ЭРҮҮЛ МЭНД Ч БИДЭНД ХАМААТАЙ

Нийслэлийн засаг даргын 2011 оны 658 дугаар захирамжийн дагуу “Туул” голын бохирдолыг арилгах, усны урсацыг нэмэгдүүлэх, ундаргыг сайжруулах зорилгоор 2012 оны 4-р сард ХБНГУлсын Бавар мужаас 14 толгой, ОХУ-ын Воронёж мужаас 28 толгой нийт 42 тооны минжийг БЗД-ын Гачуурт тосгоны “Хар усан тохой” хэмээх газарт нутагшуулан үржүүлэх хариуцлагатай бөгөөд сонирхолтой ажилд малын их эмч Ш.Батболд, малын их эмч А.Түвшинбаяр, лабораторийн их эмч Д.Уранчимэг, их эмч Н.Жавхлан нарын бүрэлдэхүүнтэй баг               6 сарын турш амжилттай ажилласан.

ХБНГУлсын Бавар муж, ОХУ-ын Воронёж мужаас онгоцоор ирсэн дээрхи минжүүдийг Хан-уул дүүргийн нутаг “Хүүш амны зоорь”-ны тусгайлан бэлтгэсэн байранд хүлээн авч, 1 сарын турш хорио цээрийн дэглэмд байлган өдөр бүр клиник үзлэг хийн, тэжээллэг арчилгаа, маллагааны талаар зөвлөгөө зөвлөмж өгөхийн зэрэгцээ минжинд тохиолддог өвчин, хоёр нутагтай амьтны амьдралын биоценозын онцлог зэргийг судалж мэдсэний үндсэн дээр нэгж минжийг төллүүлж 2 минжүүхэйгээр бүл нэмсэн.

Мөн хорио цээрийн дэглэм цуцлах үед 3 минжнээс цусны дээж, 4 минжнээс хамар болон нулимсны арчдас авч Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид хүргүүлэн шинжлүүлэхэд ямар нэгэн халдварт өвчний шинж тэмдэг илрээгүй тул БЗД-ын Гачуурт тосгоны “Хар усан тохой”-д нүүлгэн шилжүүлж байрлуулсан.

Минжүүдээ Туул голын эх Заан голд 2012 оны 8 сарын 8-нд байгальд нь тавьж эхэлсэн. Одоо минжнүүдийнхээ 70 орчим хувийг байгальд нь зэрлэгээр өсгөн үржүүлж Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогчийн ажлын хүрээнд минж нутагшуулах үржүүлэх төслийн нэгж буюу минж үржүүлэгийн төв болон өргөжин ажиллаж байна.