• Mongolian
  • English (UK)

МИНЖ ЦАГИЙН ХУВААРИЙГ НАРИЙН БАРИМТАЛДАГ АМЬТАН

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг     малын эмч бидэнд өдөр тутам төрөл бүрийн мал, амьтанд урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ, оношлогоо, эмчилгээ хийлгэх, зөвлөгөө авах, тусламж үйлчилгээ хүсэх иргэд, аж ахуй нэгжийн тоо  нэмэгдэж, үйлчлүүлэгчид нь ашиг сонирхолоороо олон төрлийн амьтныг тэжээж, өсгөж, үржүүлэх болсон нь  мал эмнэлгийн үйлчлэх хүрээ   өдрөөс өдөрт улам  нэмэгдэж,  тэдэнд үзүүлэх мэргэжлийн тусламж үйлчилгээ улам нарийсч, чанартай хүртээмжтэй байхыг биднээс шаардах болсон.


Үүний нэг жишээ нь 2012 онд Туул голын урсацыг сайжруулах төсөл, Нийслэлийн засаг даргын тамгын  газартай хамтран ХБНГУ-ын Бавари мужаас    14 толгой, мөн ОХУ-аас Воронёж мужаас  27 толгой бүгд 41 минж авчирч, Туул голын эхэнд Гачуурт тосгоны “Хар усан тохойд” нутагшуулсан.
Байгаль эко системийн аврагч гэж нэрлэгддэг минж одоогоос 15 сая жилийн өмнө үүссэн түүхтэй бөгөөд ургамал идэштэй, сүүгээр бойжигч амьтан.

    Манай орон Оросын Холбооны Улсын Воронежийн байгалийн нөөц газраас Ерөө голд 1960-аад оны дундуур минж нутагшуулах оролдлого хийсэн боловч амжилтанд хүрээгүй юм (M. Stubbe, аман мэдээ).

    Монгол улсын амьтны аймгийн тухай хуулийн (2000) 7.1-д нэн ховор амьтдын жагсаалтад хамруулжээ. (Бадам, Ариунзул,2005). Монгол улсын ан агнуурын тухай 1995 оны хуулиар ховор зүйлийн жагсаалтад оруулсан байна (БОЯ, 1996).

    Монгол улсын улаан номын хоёр удаагийн хэвлэлд ховор зүйл зэрэглэлээр тус тус бүртгэгджээ. (Шагдарсүрэн нар, 1987, Шийрэвдамба нар,1997).

    Монгол орны баруун өмнөд нутгийн Зүүнгарын говийн умард хэсэгт Булган голын сав газарт евроазийн минжний жижиг популяци бий.

    Монгол-Германы хамтарсан биологийн экспедици Булган голоос минж барьж, 1974, 1975, 1978 онуудад Монгол Алтай нурууны Ховд голд, 1985, 1988, 2002 онуудад Хангай нурууны умард хэсгийн Тэс голд Төв Азийн усны ай савын үлдвэр минжний генийн санг хамгаалах зорилгоор тус тус нутагшуулжээ (Stubbe, Даваа, 1982, Stubbe, Даваа, 1986, Stubbe нар, 1991, Stubbe нар, 2005).

Минж нь амьдарч байгаа газрынхаа төрх байдлыг өөрчлөн хувиргадаг, газар нутгийнхаа биоценозын бүтэц, бүрэлдэхүүнийг баяжуулж, биологийн бүтээмжийг нэмэгдүүлдэг байгаль хамгааллын ач холбогдол ихтэй амьтан юм. Голын эрэг тохой газар суваг татах, далан барих зэргээр орчноо намагжуулж амьдардаг байна.           
                                      Минж нь урт настай амьтан 20 хүртэл жил насладаг. Минжний  эр  эмийг    2 наснаас өмнө тодорхойлох боломжгүй байдаг.
Минжний эрийг нь борхин, эмийг нь минжүүхэй, төлийг нь дүдэр хэмээнэ. Борхин нь өөр минжүүхэйг эрж хайхгүй, сольж сонгохгүй, хайр дурлалдаа үнэнч амьтан юм. Минжний үржил хавар эрт явагддаг бөгөөд залуу эм минж гурван нас хүрээд үржилд ордог байна.

Минжүүхэй хээлээ гурван cap буюу 105-107 хоног тээсний эцэст төрүүлдэг. Төллөхдөө хуурай газар буюу овоохойдоо тусгайлан зассан нүхэндээ төллөдөг байна. Мөн түүний сонсох  чадвар онцгой хөгжсөн байдаг.
    Монгол орны хамгийн том мэрэгч бөгөөд биеийн урт 75-120 см, сүүлний урт 25-35см, 20 кг хүртэл жинтэй (Cоколов, Орлов, 1980). Ус, газрын амьдралтай зохилдсоноор хөлийн хуруунууд нь сарьсан холбоостой, хавтгай өргөн хайрслаг сүүлтэй. Урт сор үстэй, өтгөн ноолууртай. Үсэн бүрхүүл нь өтгөн тосорхог, ус халдахгүй. Минжний эрийг нь борхин, эмийг нь минжүүхэй төлийг нь дүдэр хэмээн нэрлэдэг боловч борхин нь өөр минжүүхэйг эрж хайхгүй, хайр дурлалдаа үнэнч амьтан юм.

Минжний физиологийн үзүүлэлт:

Биеийн температур

/Хэм/

Амьсгалын тоо

/минутанд

Зүрхний цохилт /минутанд/

Үржилд орох /нас/

Хээл тээх хугацаа

/өдөр /

Нэг удаа гарах төл

Шээсний

РН

   36-37.5

100

100-150

720

   120

   1-6

   8.5

Минжний  дулаан зохицуулах гол эрхтэн нь сүүл  бөгөөд  хамгаалах  үүргийг  гүйцэтгэдэг. Хэрвээ  сүүл нь хатаж хуурайшвал үхэх аюултай. Минжний тэжээллэг, арчилгаа маллагааны горим алдагдснаас үсний сор унах, шүдний буруу элэгдэлт, ургалт, сүүлний хайрс хуурч хуурайших өвчнөөр өвдөхөөс гадна хоорондоо зодолдвол бие биедээ үхлийн шарх үүсгэдэг.

Минж нь усанд амьдралынхаа ихэнхийг өнгөрөөдөг боловч загас, усны нялцгай биетэн, замгаар, жинхэнэ буюу завсарын эзэн болдогүй учраас паразит өвчнөөр өвчлөх нь маш ховор байдаг.
 Хоол тэжээлийн тухайд бутлаг ургамлын навч, мөчир, холтос, газар доорхи үндэслэг иш, хулс, зэгс зэргээр хооллодог бөгөөд хоол тэжээлийнхээ хатуу зүйлийг дээд, доод эрүүнийхээ хос үүдэн шүдээр мэрж хооллодог. Өдрийн ихэнх цагийг овоохойдоо өнгөрүүлэх бөгөөд сэрүүн байх үедээ 30 минутын зайтай хооллодог.

Минж нүхэн байр, овоохой барихад тохиромжтой голын булан тохой, элсэрхэг зөөлөн хөрстэй, өндөр эрэг бүхий газрыг сонгохоос гадна бор, цагаан бургас, харгана, чацаргана, улиас зэрэг шугуй, ойн төгөл, олон наст ургамалтай зөөлөн урсгалтай, гүнзгий гол бүхий газрыг сонгон байршдаг ажээ.
Хаалт, боолт хийх, овоохой барих, модыг мэрж зөөхөд түүний үүдэн шүд нь чухал үүргийг гүйцэтгэдэг. Асар том модыг холтосноос нь голыг нь хүртэл мэрж үзүүрлэсэн харандаа шиг болгоход нэг өдөр л хангалттай байдаг гэнэ. Огтолсон модоо зөөж хураахдаа хойд хоёр хөл дээрээ зогсоод урд хоёр хөлийнхөө суганд хавчуулан хуурай газар болон усаар чирч явдаг байна.
 Ингэж хоёр сугандаа мод хавчиж зөөсөн минжний хоёр суганы үс зулгарсан байдаг аж. Түүний энэ нөр их хөдөлмөрийн дүнд амьдрах гэр буюу овоохой нь дулаахан, тохилог байдаг байна.
          Үдэш  оройн  цагаар усанд шумбаж, ам бүлээрээ сэлж, бие биенээ хөөж, тоглож зугаацдаг бөгөөд энэ нь тэдний хамгийн зугаатай мөч нь байдаг байна.

Хооллох, нарлах, тоглох, биеэ маажих, тослох зэрэг нь тэдний өдөр тутам давтагддаг амьдралын хэлбэр нь бөгөөд энэ бүх үйл ажиллагаа нь цагийн хуваарийн дагуу явагддаг.
Бид анх удаа мэрэгчийн багийн амьтны малын эмчээр ажиллан 1 жил орчим              болох хугацаанд арчилгаа маллагаа, эмчилгээ, амьдрах орчин, ариутгал халдваргүйжүүлэлтийг хариуцах ажил ноогдсон ч амжилттай даван туулж, минжний тоо толгойг  нэг жилийн дотор 7 дүдэрээр нэмэгдүүлж  өсгөсөн.
 Минж үржүүлэг нь одоо Нийслэлийн  Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн газрын харъяа, Минж нутагшуулан, үржүүлэх нэгж болон  ажиллаж байна.
Зэрлэг амьтны эмчилгээнд зайлшгүй анхаарч мэдэх зүйл бол мэдээ алдуулалт болон нойрсуулах эмийн тун хэмжээг сайн тохируулж хэрэглэх явдал байдаг. Мөн мэрэгч амьтанд антибиотикийг хэрэглэхдээ болгоомжтой хэрэглэхийг зөвлөж байна.
    Эх  сурвалж: НМЭГ-ын  нохой,  жижиг амьтны  эмч  нарын тайлан, УБ, 2012.
 www.news.mn.