• Mongolian
  • English (UK)

ШУВУУНЫ АЖ АХУЙН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ, ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Монголчууд 13-р зууны үеэс тахиаг гэршүүлэн тэжээж өндөг, махыг нь хүнсэндээ хэрэглэж байсан тухай түүхэн эх сурвалжуудад тэмдэглэсэн байдаг.

Тухайн үед ихэс дээдэс, гадны зочид төлөөлөгчид л өндөгийг хэрэглэдэг байсан байна.18 дугаар зууны сүүлч 19-р зууны эхэн үеэс иргэд, өрхийн аж ахуйн хэлбэрээр нутгийн тахиаг өсгөн үржүүлж, хүнсэндээ хэрэглэж эхэлсэн байдаг.

 

Манай улсын эдийн засаг 1950-иад оноос үсрэнгүй хөгжин, гадны улсын элчин сайдын яам, төлөөлөгчийн газрууд шинээр байгуулагдан гадаад харилцаа эрчимтэй хөгжихийн хирээр өндөг, тахианы махны хэрэглээний зайлшгүй нөхцөлүүд бий болсон.

Иймээс шинжлэх ухааны үндэслэлтэй тахианы аж ахуй байгуулах асуудал хурцаар тавигдан, аж ахуйн техник эдийн засгийн үндэслэл, байршил зэргийг тодорхойлж БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн хурлаар тахианы аж ахуй байгуулах шийдвэр гаргуулсан.

Ингээд анх 1963 онд тэр үеийн Улаанбаатар хотын ажилчны район одоогийн Хан-Уул дүүргийн13-р хорооны Туул тосгоны нутаг Бөхөгийн хөндийд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар инкубатор, эх сүргийн өндөглөгч, дэгдээхэй, таваарын өндөглөгч, тэжээлийн үйлдвэр гэсэн үндсэн нэгжүүдтэй30 мянган тахиатай  аж ахуй үүсгэн байгуулсан.

Тухайн үед улсын хэмжээнд 40 гаруй мянган толгой тахиа байсан тоо мэдээ байдаг.

Тус аж ахуйд 1972 оноос ЗХУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд техник технологийн шинэчлэл өргөтгөл хийгдэж, 100 мянган таваарын өндөглөгч тахиа үржүүлэх хүчин чадалтай шувуун фабрик болгосон. Ингэснээр үйлдвэрлэлийн үндсэн нэгж болох дэгдээхэй бойжуулах цех нь 60 мянган дэгдээхэйг 120 хоног бойжуулах хүчин чадалтай болж өргөжин, таваарын өндөглөгч цех нь сард 2,7 сая ширхэг өндөг, жилд 250 тн тахианы мах үйлдвэрлэн нийслэл хотын хүн амыг шувууны гаралтай хүнсний бүтээгдэхүүнээр бүрэн хангаж ирсэн.[1]

Мөн сард 600 гаруй тонн бүрэн найрлагатай шувууны тэжээл хийх хүчин чадалтай тэжээлийн үйлдвэр байгуулагдсан.Тус фабрик нь малын их эмч 3,зоотехникч 2, ЗХУ-ын зөвлөх мэргэжилтэн 2,малын бага эмч, мал эмнэлгийн болон зоотехникийн лаборант зэрэг нийт 20 гаруй ажиллагсадтай Мал эмнэлгийн тасаг,бусад туслах салбар нэгжүүдтэй нийт 400 гаруй ажиллагсадтай   нийслэлийн томоохон үйлдвэрийн газруудын нэг байсан.[1]

Тус үйлдвэрээс БНМАУ-ын хөдөлмөрийн баатар 1, Улсын сайн малчин 1, улсын залуу аварга малчин 2 төрөн гарсан түүхтэй.

Тэр үед нийслэлийн хүн амыг өндөг, шувууны гаралтай бүтээгдэхүүнээр бүрэн хангасан ч орон нутагт хангалт хийхэд дэд бүтэц муу байсан учраас эдийн засгийн хувьд алдагдалтай байсан тул хөдөө орон нутагт өндөглөгч тахиа үржүүлэх төр, засгийн бодлого шийдвэр гарч, 1976-1978 онуудад инкуботораас гарсан хоногийн настай дэгдээхэйгМонгол улсын 18 аймгийн бүх суманд нийлүүлж, орон нутгийг шувуужуулах ажлыг амжилттай хийсэн.

Төрийн өмчит улсын үйлдвэрийн газар байсан Шувуун фабрик 1992 онд хувьчлагдан Бөхөг ХХК болсноор улсын татаасаар тэжээлээ үйлдвэрлэдэг, үндсэн сүргийн сүрэг сэлбэх өндөгийг ЗХУ-аас оруулж ирдэг ажил зогсож, эх сүргийн өндөглөгч тахиагүй болж, 1993 оноос Хятад, ОХУ-аас хоногийн настай дэгдээхэй болон өндөглөгч тахиа, үржлийн өндгөө компани өөрөө оруулж ирдэг болснооршувууны сүрэг сэлбэлтийн тогтмол ажиллагаа алдагдаж, шувууны толгойн тоо цөөрч эхэлсэн энэ он жилүүдэд иргэд БНХАУ, ОХУ-аас хувиараа таваарын өндөг оруулж ирэн дотоодын зах зээлийг хангаж эхэлсэн.

Улмаар шувууны аж ахуй эрхлэгч аж ахуйн нэгжүүд, импортын өндөг оруулдаг аж ахуйн нэгжүүд байгуулагдаж эхэлсэн.

Одоо манай улсын хэмжээнд шувууны аж ахуй эрхэлдэг 20 гаруй аж ахуйн нэгжүүд 400 гаруй мянган толгой тахиа үржүүлэн сард дунджаар 960.0 мянган өндөг, жилд дунджаар 200 гаруй тонн тахианы мах үйлдвэрлэнхүн амыг шувууны гаралтай хүнсний бүтээгдэхүүнээр хангаж байна.

Мөн таваарын өндөг импортлогч аж ахуйн нэгжүүд сард дунжаар 2.1-2.3 сая өндөг оруулж ирж байгаа нь өндөгний хэрэглээний 60-70 хувийг хангаж байна.

Бөхөг ХХК нь 2000-2008 онд Чех улсаас хоёр улсын Засгийн газрын хоорондын гэрээгээр  1 сая долларын буцалтгүй тусламжийн хүрээнд 60.0 мянган өндөглөгч шувууны багтаамжтай 3 байрны тоног,  төхөөрөмж, 30.0 мянган толгой дэгдээхэйн задгай аргаар бойжуулах 6 байрны тоног төхөөрөмжийг шинэчилсэн хэдий ч мөнгө санхүүгийн хүндрэл,бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөс шувууны сүрэг сэлбэлтийн тогтмол ажиллагаа алдагдаж, шувууны толгойн тоо цөөрсөөр 2011 онд уг компани үйл ажиллагаагаа зогсоосон.

Одоогоор өндөглөгч тахианы аж ахуй эрхэлж буй Түмэншувуут ХХК, Угтуул-Алтай ХХК, НСО ХХК,   Их жигүүр ХХК, Ти Эс Эй Ти ХХК,                     Халиудайн хүү ХХК, Башига ХХК , Талын чимээ ХХК, Чого ХХК, Баянууд ХХК, Нионшель ХХК, УКА ХХК, Маргад-Ундраа ХХК, Монгол тахиа ХХК,                      Буянтшувуу ХХК, Шилийн гол ХХК, Мон-Эг ХХК, Бөхөгтулга ХХК, таваарын өндөг импортлогч НВЦ ХХК, Окинский ХХК зэрэг компаниуд үйл ажиллагаа явуулж   байгаа бөгөөд махны чиглэлийн тахиа үржүүлэх болон тахианы мах боловсруулах чиглэлээр“Ажигана мах импекс” ХХК нь өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар тахианы мах боловсруулах иж бүрэн цогцолбор үйлдвэрийг дэлхийд өрсөлдөхүйц хамгийн орчин үеийн технологитойгоор 2012 оны 3-р улирлаас эхлэн Монгол Улсад анх удаа барьж байгуулан ашиглалтад оруулаад, бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхэд бэлэн болоод байна.

Тус компани нь эх орондоо анх удаа хөдөө аж ахуй өндөр хөгжсөн Израиль Улсын “Dagan AgriculturalAutomation” компанийн эрчимжсэн тахианы аж ахуйн хамгийн өндөр технологийг нэвтрүүлж байгаа нь үнэхээр их ач холбогдолтой үйл явдал болж байна.

Ажигана мах импекс ХХК нь үйлдвэрлэлээрээ зах зээлд “Монгол органик тахиа” гэсэн шинэ брэндийг бий болгож, хамгийн эрүүл, баталгаатай органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах юм.

Мөн тус компани нь ногоон эдийн засгийг дэмжиж Монгол Улсад анх удаа хаягдалгүй технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, тахианы махнаас гадна тахианаас гарах бүх дайвар бүтээгдэхүүнийг бүрэн ашиглаж хаягдалгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой ажиллаж байна.

Энэхүү таатай мэдээллийг хүргэхийн зэрэгцээ дээрхи аж ахуйн нэгж, иргэдэд өдөр тутмын үйлчилгээ үзүүлж ажилладаг Нийслэлийн мал эмнэлгийн газрын эмч, мэргэжилтнүүдийн туршлагаас толилуулья.

Эрчимжсэн аж ахуйн шувууны арчилгаа, маллагаа

Шувууны ашиг шимийг бүрэн авахын тулд ариун цэвэр хорио цээрийн дүрэм, ариутгал халдваргүйжүүлэлт,арчилгаа маллагаа болон тэжээлэгийн горимыг нягт баримтлах ётой.Энэ бүх үйл ажиллагаа нь малын эмч, мал эмнэлгийн удирдлага хяналтан дор хийгдэж байх ёстой.

Өндөр ашиг шимтэй шувууүржүүлж бойжуулах нь хоногийн настай   дэгдээхэйн арчилгаа маллагаа, дулаан, тэжээл, усны норм, технологийн горимыг баримтлан ажиллахаас эхлэнэ.

Мөн халдварт өчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг графикт хугацаанд заавал хийж байх шаардлагатай. Дэгдээхэй байх үедээ амьдын жиндээ хүрээгүй, вакцинжуулалтанд хамрагдаагүй, тэжээлийн доройтолд орсон шувуу нь амархан өвчлөмтгий, сул дорой, өсөлт хөгжилт муу, ашиг шимээ өгөх чадваргүй   болдог.

1-120 хоногийн настай шувууг дэгдээхэй, 120 хоногоос дээш настай шувууг өндөглөгч шувуу гэнэ. Шувуунд хийгдэх ихэнхи вакцин дэгдээхэй байх үедээ хийгддэг. Манай орны хувьд шувууны цусан халвартын болон тахалын вакциныг Биокомбинатад үйлдвэрлэн гаргадаг бөгөөд2012 оноосХятад улсад үйлдвэрлэсэн марекийн вакцин, бурсал вакцин, ньюкастль-халдварт бронхитын вакцин,ньюкастль, халдварт бронхит - өндөг бууруулах хам шинжит 3 цэнт гэсэн                      4 төрлийн вакциныг улсын эмийн бүртгэлд бүртгүүлэн оруулж ирдэг болсон.[2]

Шувууны аж ахуйд мөрдөгдөх технологийн горимын зөрчил ариун цэвэр хорио цээрийн доголдлоос болж халдваргүй, халдварт өвчин гарах эрсдэл их байдаг.

Шувуунд тохиолдох халдваргүй өвчин

1. Амьсгалын замын өвчин

2. Тэжээл боловсруулах эрхтний өвчин

3. Бодисын солилцооны хямрал

4. Шээс болон үржлийн эрхтний өвчин манай аж ахуйнуудын өндөглөгч тахиа болон дэгдээхэйд тохиолддог. Цаг хугацаа алдалгүй тодорхой арга хэмжээ авбал эмчилгээний үр дүн харьцангуй богино хурдан байдаг.

Халдварт өвчний хувьд 1990-ээд он хүртэл мал эмнэлгийн лабораторит плюроз буюу цагаан чацга, шувууны цэцэг өвчний шинжилгээ хийж, плюрозын эерэг урвал шувуунд заазлалт хийн, сүргийг эрүүлжүүлэх арга хэмжээ авч байсан.

2010 онд Нион-шель компанийн шувуу ньюкастль өвчнөөр өвчилсөн нь тогтоогдож, хорио цээрийн онцгой арга хэмжээ авагдаж байсан. Өвчний үүсгэгч тархалт хаанаас гаралтай нь тогтоогдоогүй. Нийслэлийн хэмжээнд шувууны аж ахуйнууд хаяа хаяагаа дэрлэн зарим тохиолдолд 5-10 метрийн зайд байрлаж байгаа нь халдварт өвчин гарсан үед маш их эрсдэл эдийн засгийн хохиролд өртөх нөхцөлтэй байгаа.

Шувууг өвчилсөн хойно нь биш өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах нь малын эмчийн үүрэг байдаг. Үүний тулд шувуунд өдөр бүр үзлэг хийж, ялгалт заазлалтанд хяналт тавьж, өвчилсөн хорогдсон шувууны шалтгааныг тодорхойлж, ариутгал халдваргүйжүүлэлтийг чанартай хийснээр эрүүл сүрэгтэй, цэвэр аюулгүй хүнсний бүтээгдэхүүн гарган авна.[3]

Өнөөгийн байдлаар шувууны аж ахуйд ажиллаж байгаа малын эмч, мэргэжилтэн бараг байхгүй мал эмнэлгийн зүгээс хийгдэх өдөр тутмын ажил үйлчилгээ хийгдэхгүй аж ахуйгаас гарч байгаа хүнсний бүтээгдэхүүн мал эмнэлгийн үзлэг хяналтанд бүрэн хамрагдаж чадахгүй байгаа нь:

1.Эмч мэргэжилтэн дутмаг байгаа

2. Дээрээсээ эмч мэргэжилтэнтэй байх шаардлага тавихгүй байгаа

3. Мэргэжилтнийг үнэлэх үнэлэмж тодорхой бус байдаг.

4.Малын эмчийн ажиллах орчин нөхцөл материаллаг бааз байхгүй байгаатай холбоотой.

Шувууны аж ахуйд тавигдах мал эмнэлэг, ариун цэвэр

хорио цээрийн ерөнхий шаардлага

Шувууны аж ахуй нь хаалттай бүсийн зэрэглэлд үйл ажиллагаагаа явуулах зарчимтай. Үйлдвэрлэлийн нэгж рүү гадны хүн, машин тээврийн хэрэгсэл, мөн мал амьтан орох гарахыг бүрэн хориглодог.

Аж ахуйн ажилчид албан хаагчид зөвхөн ариутгалын бүсээр дамжин хөдөлмөр хамгаалалын болон хамгаалах хувцас өмсөж, үйлдвэрийн нэгж рүү орох ёстой.

Машин тээврийн хэрэгслүүд ариутгалын тавцангаар дамжин ариутгалын бодисоор халваргүйжүүлэлт хийлгүүлсний дараа нэвтрэх эрхтэй болдог.

Үйлдвэрийн нэгжид орох хүн машин эмчийн зөвшөөрлийг авах шаардлагатай байдаг.Энэ бүх үйл ажиллагаа малын эмчийн шууд удирдлагаар хийгдэх ёстой.

Сүүлийн үед гарч байгаа шувууны цар тахал N9H1 вирусын тархалт ямарч замаар тархаж болзошгүй байгааг урьдчилан сэргийлэх, анхааруулах ажиллагааг мал эмнэлгийн зүгээс хийх хэрэгтэй байна.

Шувууны тэжээл, тэжээллэг

Өнөөдөр манай улсад шувууны тэжээл үйлдвэрлэдэг үйлдвэр огт байхгүйн улмаас шувууны тэжээлийг 100% гаднаас Хятадаас оруулж ирж, гаднаас бүрэн хараат байдалд орсон байгаа.

Шувууны ашиг шимийг авахын тулд бүрэн найрлагатай тэжээлээр тогтмол тэжээх хэрэгтэй. Импортоор орж ирж байгаа тэжээлийн үнэ байнга нэмэгдэж тээвэрлэх хугацаа удаашрах, тээвэрлэлтийн нөхцөл ч хангалттай сайн биш байгаагаас тэжээл зуны улиралд норох, хөгзөрч муудах, асгарч алдагдах зэрэг олон асуудал тулгарч байдаг.

Энэ нь шувууны аж ахуйн хөгжил, бүтээгдэхүүний өөрийн өртөгт нөлөөлж байдаг. Өндөглөгч тахиа өдөрт 120 гр тэжээл иддэг. Гэхдээ өвлийн цагт энерги алдагдалт харьцангуй их байдаг тул 5-10 гр-аар нэмж өгч болно. Тэжээлийг цаг цагт нь тодорхой хэмжээгээр өгөх горимтой. 120 гр тэжээлийн найрлаганд байх ёстой уургийн хэмжээ, амин хүчил,эрдэс бодис, кальци, фосфорын харьцаа алдагдахад өндөгний хальс муудаж, нимгэрэн, өндөгний гарцанд шууд нөлөөлдөг.

Тэжээлийн   найрлаган дахь үндсэн түүхий эд нь сайн чанарын улаан буудай манай оронд байдаг боловч бусад эрдэнэ шишийн гурил,загасны гурил, витамины перимекс, дунгийн яс, амин хүчлүүдийг импортоор оруулж ирэх шаардлагатай тул аж ахуй, нэгж, компаниуд ганц нэгээрээ оруулж ирэхэд өртөг өндөр, импортлох зөвшөөрөл байхгүй зэрэг хүндрэлтэй байдлаас шалтгаалан бүрэн найрлагатай тэжээл хийх боломжгүй байгаа юм.

Цаашид анхаарах зүйлс:

1.Шувууны аж ахуйд шувууны   тоо толгой, хүчин чадлын байдал ажлын ачааллаас хамаарч, малын эмчтэй болгох, малын эмч нарт шувууны өвчний талаар мэргэжлийн байгууллага, эмч, багш нараар сургалт,мэдээлэл өгүүлэх

2.Шувууны тоо толгойн мэдээг улирал тутам гаргаж, вакцинд хамрагдах шувууны тоог нарийвчлан гаргах, вакцинжуулалтын ажпыг чанартай хийх, вакцины хугацаанд хяналт тавих

3.Вакцины дархлаажуулалтын хугацааг холбогдох газруудаар тогтоолгон тодорхой болгох

  

4.Шувууны аж ахуйнуудад улирлын болон сүрэг сэлбэлтийн өмнө хийгдэх заал байр, сангасны талбайн ариутгал,халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар зориулалтын техникээр хийлгэх

5.Шувууны аж ахуйд хөтлөх журнал, өвчлөл хорогдлын мэдээг сар бүрээр гаргуулж хэвшүүлэх

Ашигласан хэвлэл:

           

            1.Бөхөг ХХК -45 жил УБ, 2008.

           

            2.Ш.Үнэн, “Шувууны аж ахуйн технологи”   УБ, 2002.

            3.С.Цэдэнбал, “Нутгийн тахиа үржүүлэх” УБ,

            4.”Монголын нууц товчоо”, УБ,

           

            5.Л.Эрхэмбаяр, “Шувууны аж ахуй”, УБ, 2013.

            6.”Ажигана мах импекс ХХК-ийн танилцуулга”, УБ, 2013.