• Mongolian
  • English (UK)

ХҮН, АМЬТНЫ ГАЛЗУУ ӨВЧИН

ГАЛЗУУ ӨВЧИН

   Галзуу бол амьтан ба хүнд хавьталаао халдаж маш түргэн явцтай, үхэлд хүргэдэг вирүсийн гаралтай өвчин.
Нохой, муур, үхэр, адуу, тэмээ, хонь, ямаа, гахай зэрэг гэрийн амьтад чоно, үнэг, хярс, дорго, буга зэрэг зэрлэг амьтад галзуугийн вирүст мэдрэмтгий.
Энэ өвчин хүнд халддагт гол аюул нь оршдог.
  Галзуугийн вирүс дэлхийн бараг бүх оронд илэрдэг. Зөвхөн Япон, Австрали зэрэг цөөхөн арал дээр л байдаггүй.
Галзуугийн вирүс яаж халддаг вэ.
Энэ өвчнийг үүсгэгч вирүс шүлсэнд агуулагддаг бөгөөд галзуурсан амьтанд хазуулснаас халдвар дамждаг. Хазуулснаас үүссэн шархаар дамжин шүлсэн дэх вирүс биед нэвтэрнэ.
Галзуу амьтны сарвуу, хумсанд наалдсан шүлснээс самардсан шархаар дамжин халдаж бас болно. Энэ вирүс мэдрэлийн судлаар дамжин тархинд хүрч маш түргэн үрждэг. Эндээс вирүс шүлсний булчирхай руу дамжина.

 

Анхны шинж илрэхээс 13 хүртэл хоногийн өмнөөс шүлсэнд вирүс ялгарч ялгарч эхэлдэг.
Вирүс амьтны биед нэвтэрснээс хойш өвчний шинж тэмдэг мэдэгдэж эхлэх хүртэлх хугацааг дараах хүснэгтэнд харуулав.


Халдварын нууц үеийн үргэлжлэх хугацаа халдсан вирусын тоо хэмжээ омог, халдвар орсон газар (толгойд хэр ойр хазуулсан байна нууц үе төдий чинээ богино байна) амьтны дархлаа шархны хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байна. Гэхдээ ихэнхи тохиолдлын шинж тэмдэг 2 долоо хоногоос 3 сарын дотор илэрдэг.
Амьтнаас хүнд халдсан галзуугийн илрэх хугацаа ихээхэн хэлбэлздэг учраас энэ өвчнийг шуурхай танихад заримдаа төвөгтэй байдаг.
Галзуу өвчин хэрхэн илэрдэг вэ.
Хүнд: Өвчний нууц үе 10 өдрөөс 3 сар, хааяа 1 жил түүнээс урт хугацаанд үргэлжилнэ. Өвчний эхэнд хоолонд дургүй болох, толгой өвдөх, нойрмоглох, бөөлжих, хүзүү өвдөх, халуурах зэрэг өвөрмөгц бус шинж илэрнэ. Өвчтөн улам бүр тайван бус, илт сэтгэлийн түгшүүрт байдалд орно. Сэтгэлийн хэт хөөрлөөс болж шүлс гоожих, хөлрөх, нулимс асгарах ши нжүүд илэрнэ.
Хүзүүний булчингийн агшилтаас болж хоол, унд залгихад төвөгтэй болно. Өвчтөн ус уухаас айна. Өвчний эхний шинж илэрснээс хойш ихэнхидээ 3-5 хоногийн дараа үхнэ.
Нохойнд: Зан араншин нь өөрчлөгдөнө. Номхон, дуулгавартай нохой ярдаг, зөрүүд болно. Чулуу, мод зэрэг иддэггүй зүйлээ үмхэж, зажилж, залгихыг оролдоно.
Өвчний дараагийн шатанд гэрээсээ зугатаж зайлахыг оролдох ба уяхгүй бол хульжиж алга болно. Ихэнхидээ 50-100 км хүртэл зайд харсан зүгтээ давхина. Маш түргэн эцэж турна. Ихээхэн догширч, дайрч, хазахыг оролдоно. /догшин галзуу/
Сүүлдээ залгих рефлекс, доод эрүү нь саажиж, ам нь байнга ангайж явна. Хойд хөл нь саажсанаар маш түргэн суларч, анхны шинж тэмдэг илэрснээс хойш 6-8 хоногт үхнэ. Саажилтын шинж тэмдэг давамгайлж илэрсэн галзууг “ номхон галзуу” гэдэг.
Мууранд: Галзуурсан муур маш их догширно. Самардах, хазахыг оролдоно. Гэрээсээ зугатах шинж тод илэрнэ. Залгих рефлекс саажсанаас хоол идэж чадахгүй.Дуу нь өөрчлөгдөнө.
Үхэрт: Галзуурсан үхэр цочимтгой, хөөрүү, сониуч, дайрамтгай болно. Идэх хивэхээ больж, шүлс нь гоождог шүлхийрсэн юмуу хоолойд нь юм тээглэсэн гэмээр болдог.
Заримдаа гэнэт ухаан алдаж унах ба хэдхэн хормын дараа сэргэнэ. Хөдөлж явахаа больж хүчтэй дүлэх шинж үзүүлнэ. Анхны шинж тэмдэг илэрснээс хойш 4-6 хоногийн дараа үхдэг.
Хонь, ямаанд: үхэрт илэрдэг шинжүүд илэрнэ. Цочимтгой, хөөрүү болно, идээшлэхгүй, бусад амьтан, хүн рүү дайрна. Үргэлж майлна. Саажилтын шинж тэмдэг илрэх ба анхны шинж илэрсэнээс хойш 5-8 хоногийн дараа үхнэ.
Гахайнд: галзуугийн шинж тэмдэг тод илэрдэг, шархыг нь олж ажиглахад хялбар. Шархаа маажих, долоохыг оролдох ба бусад амьтан, хүн рүү дайрдаг. Саажилт үүссэнээс хойш 2-3 хоногийн дараа үхдэг.
Галзуу амьтанд хазуулчихвал та юу хийх хэрэгтэй вэ.
-Хазуулсан шархыг савантай усаар цаг алдалгүй сайн угаах хэрэгтэй. Спирт зэрэг халдваргүйтгэх уусмалаар арчвал бүр сайн. Ийм боломжтой бол шархыг цэвэр усаар угаах хэрэгтэй.
-Ойрхон эмнэлэгт яаралтай очих хэрэгтэй. Тэнд шархыг түргэн эмчлэхийн дээр галзуугаас сэргийлэх вакцин тарина. Вакциныг аль болох яаралтай тариулбал таны биед орсон вирус үхэл тарих аюулаас сэргийлнэ.
-Таныг хазсан амьтан шалзуу байж магадгүй гэж сэжиглэж байгаа тохиолдолд:
Шинжилгээний хариу хүлээхгүйгээр вакциныг яаралтай тариулах нь зүйтэй.
-Галзуураагүй нохой, мууранд хазуулж, самардуулсан ч заавал эмчид үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэй.
Галзуугаас хэрхэн сэргийлэх вэ.
Нутгийнхаа чоно, үнэг, хярс, мануул, дорго зэрэг зэрлэг амьтдын байршил, хөдөлгөөн, тоо, зан араншинг байнга анхааралтай ажиглах хэрэгтэй.
Зэрлэг амьтад үхсэн байвал хүүрэнд ойртож болохгүй ба малын эмчид яаралтай мэдэгдэх хэрэгтэй.
Зэрлэг амьтан хүн, малаас айхгүй байх, дайрах, дэмий тэнэх, хотонд орж ирэх зэрэг нь галзуурсан байж болзошгүйг илтгэнэ. Ийм тохиолдолд малын эмчдээ яаралтай дуулгана.
Нохой, муурыг галзуугаас сэргийлэх вакцинаар тариулна. Ойр хавьд золбин нохой, муур байхгүй байх нь чухал.
Байнга хээр байдаг тэмээ, адуу, үхрийг галзуугаас сэргийлэх вакцинжуулалтанд хамруулах хэрэгтэй.
Галзуу байнга илэрдэг нутгийн чоно, үнэг, хярс зэрэг зэрлэг амьтдыг агнаж цөөрүүлэх, золбин нохойг устгах арга хэмжээ авч, хоточ нохойг өдөрт уяж хэвших нь зүйтэй. Мөн бүх малаа галзуугаас хамгаалах вакцинжуулалтанд хамруулна.